Номын нэр: Аниргүй цагаан дайд
Зохиогч: Жек Лондон
Хэл: Монгол
Номын товчЗохиогч: Жек Лондон
Хэл: Монгол
-Кармен ч хоёр хоногийн насгүй болж дээ. Мэйсон амандаа орсон бөөн мөсийг нулимж орхиод, өмнөө байгаа золгүй амьтан руу гунигтайхан харснаа, түүний хөлийг татан ам руугаа аваачиж, хуруудын нь завсраар товууцаж хөлдсөн мөсийг шүдээ хага ташуулан байж дахиад сугачиж хаяв. -Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа, -Тэд чинь тамир нь харьж доройтсоор сүүлдээ үхчихдэг амьтад. Чи өөрөө мэднэ шүү дээ, зүгээр Касьяр, Сиваш, Хаски нэртэй нохдод тэр бүр муу юм тохиолдоод байдаг билүү? Жишээ нь энэ Шукумыг хар л даа, тэр... Гэхийн сацуу цаад гуринхалсан эр нохой нь яах ийхийн завдалгүй цовх үсрэн, хурц цагаан соёогоороо Мэйсоны багалзуурыг арай л тас татаад хаячихсангүй. -Энэ чинь одоо юу болж байна вэ? Шилбүүрийн мод тархин дундуур нь тасхийн буухад нохой цасан дээр тарайж унаснаа, ухаан ороод, нүд ирмэхийн зуур огло харайн босоход араа шүднээс нь шар шүлс савирч байлаа. -Шукумаас хараа бүү салгаарай гэж би хэлээд байсан шүү дээ. Энэ Шукум амар заяа үзүүлэхгүй нээ! Цаадах чинь Карменийг долоо хонохгүй л тасар татаад хаячих бий вий. Мөрийцсөн ч болно. -Харин би бол... гэснээ Мэйлмют Кид, түүдэг галын дэргэд гэсгээхээр тавьсан талхыг эргүүлэх зуураа, -Зорьсон газраа хүрэхээсээ наана бид өөрсдөө Шукумыг алж иднэ гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Чи юу гэж бодож байна даа, Руфь? Улаан арьст бүсгүй идээг нь тунгаах гэж кофе руугаа жаахан мөс чулуудчихаад, Мэйлмют Кидээс харцаа салган нөхөр рүүгээ, дараа нь ноход руугаа харснаа, хар цагаан юу ч дуугарсангүй. Ийм хараажийн үнэнийг давхар нотлох барих гэж оролдохын хэрэг юу байх билээ. Тэдэнд өөр арга байхгүй юм чинь. Хүний хөл хүрээгүй хоёр зуун бээр газар өмнө нь тосч байгаа. Өөрсдөө бол зургаа хоногт хүрэхтэй, үгүйтэй хүнстэй үлдсэн байдаг, Нохдод нь бол одоо гол зогоох юм юу ч байхгүй болсон. Хоёр анчин, хүүхэн гурав өглөөнийхөө тарчигхан ундааг уухаар түүдэг гал тойрон суулаа. Бага үд хийж байсан болохоор ноход нь хөллөгөөтэйгөө цагариглан хэвтээд, эздийнхээ ам хөдлөх бүрийг өлөн нүдээ салгахгүй ширтэцгээн байна. -Маргаашнаас эхлээд өглөө ам хөдөлгөх юмгүй болно гээд Мэйлмют Кид, -Нохдоос нүд салгаж болохгүй боллоо. Гай болоод гараас алдуурч орхих юм бол эв нь таарсан цагт биднийг ч хүү татаад идэж орхиход бэлэн л байгаа шүү гэв. -Цагтаа би методист мөргөлтний чуулганы тэргүүн, хишиг өдрийн сургуулийн багш явсан хүн дээ. Юуны учир ийм үг дуугарсныг бүү мэд. Мэйсон ингэж хэлчихээд, уур савсуулж байгаа бугын арьсан бойтог руугаа их бодол болчихсон гөлрөн ширтэж сууна. Руфийг аяганд нь кофе хийж өгөхөд сая тэр гүн бодлоосоо салж, -Тэнгэрийн ивээлээр бид харин цайнаас их юмгүй хоцорлоо доо. Би Теннесид, гэртээ байхдаа цай яаж ургадгийг харсан юм. Одоо бол би эрдэнэ шишийн ганц халуун гамбирын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй болчихсон сууж байдаг. Гэхдээ, Руфь минь битгий гунихар. Гэдэс өлсөх, бугын арьсан бойтог өмсөх хоногийн чинь тоо дуусах цаг хаяанд ирсэн шүү. Энэ үгсийг сонсоод хүүхний магнайн үрчлээ тэнийж, анх удаа учирсан цагаан арьст хүн, бүсгүй туунийг адгуус амьтан, ачааны малаас өөрөөр харсан анхны хүн, тэр л цагаан арьст ноёныг хайрлах сэтгэлээр нүд нь гэрэлтээд ирэв. -Тийм ээ, Руфь минь гээд эр нөхөр нь, зөвхөн хоёр биетэйгээ ойлголцдог нөгөө л болзмол хэлээрээ, -Бид удахгүй эндээс хөдөлнө. Цагаан хүний завинд суугаад Давст усаар хөвж одно доо. Тэр оргилж бургилсан муу ус уул мэт дээш сүндэрлэн босч ирээд л доошоо бууж байдаг юм. Хязгаар хярхаггүй тэр усаар мөн ч их удаан явна шүү дээ! Арав, хорь, бүр дөчин хоног хөвлөө ч... гээд Мэйсон яриагаа улам үнэмшилтэй болгохын тулд хоног өдрийг хуруу даран тоолж байгаад, -Өнөөх л усандаа, муу усандаа л явж байна. Тэгж явсаар, зун цагийн ялаа шумуул шиг язганасан олон хүнтэй нэг их том гацаа тосгонд хүрч очно доо. Урц овоохойн нь өндрийг яана. Арав, хорин нарс залгасны дайтай гээч! Ээ, мөн ч өндөр шүү! Ийн өгүүлээд тэр цааш нь хэлэх үгээ олж ядан таг болж, Мэйлмют Кидийн зүг дэмий л ая зассан харц чулуудсанаа, хорин нарс дээр дээр нь залган босговол хэр зэрэг өндөр болохыг хуруу гараараа жишин, мэрийж мэхийн тайлбарлаж гарав. Мэйлмют Кид дотроо доогтойхон инээмсэглэж, гайхаж баяссан Руфь нүдээ дүрлийлгэн ширтэж байна. Нөхрийгөө наргиж зүггүйтэж байна гэж мэдсэн хэдий ч тэр өхөөрдөл хайр нь хөөрхий бүсгүйн сэтгэлийг хөөргөж баясгаж байлаа. -За тэгээд л хайрцаг дотор орж суугаад... ганц пифф! гээд л хөдөлчихнө дөө гэснээ, эл үгээ улам ойлгомжтой болгох гэсэн бололтой хоосон сэнжтэй аягаа дээш нь шидээд сурамгай нь аргагүй барьж авах зуураа, -Бас ингээд л пафф! гээд хүрээд ирчихнэ! Ээ, их заарингууд минь ивгээлдээ багтааж хайрла! Чи минь Форт Юкон руу явна, харин би хорин тав хоноод Арктик Ситид байж байна. Тэндээс чам руу хөвөрч одсон олсны үзүүр дээрээс бэрьж аваад "Байна уу, Руфь минь! Ямаршуухан аж төрж байна даа?" гэнэ. Тэгэхэд чи "Өө, өвгөн минь, чи юу?" гэж, би "Тийм байнаа" гэнэ. Чамайг "Соодгүй болоод талх барьж чадахаа болиод байна" гэхэд би "Пиндээ ороод гурил доогуур үз. За, баяртай" гээд, чи пин рүүгээ орж хичнээн л хэрэгтэй бол төчнөөн соод авна. Иймэрхүү маягаар, чи Форт Юконд, би Арктик Ситид суурьшин аж төрцгөөнө дөө. Бөөнэр гэдэг чинь ийм л хүмүүс байдаг юм! Эл шидэт үлгэрийг сонсоод Руфийг гэнэхэн инээмсэглэж суухад хоёр эр тачигнатал хөхрөлдөж байлаа. Гэтэл, хэрэлдэн хэмхэлдэж буй ноход алс холын гайхамшигт орны тухай яриаг нь таслаад, тэднийг салгаж аялуулж байх зуур бүсгүй чарганыхаа ачаа тээшийг боож баглаж, татлагаар даруулан, замд гарахад бэлэн зэлэн болчихсон байлаа.
No comments:
Post a Comment